Шүүгчид 20:10-16 АБ2004

10 Хүмүүсийн хүнсийг хангахаар Израилийн бүх овгоос зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид авна. Цэргүүд Бениамины Гибеад очин, Израильд үйлдсэн тэдний бүх ичгүүрт хэргүүдийн төлөө шийтгэх болтугай гэв.

11 Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн, тэр хотын эсрэг цугларав.

12 Дараа нь Израилийн овгууд Бениамины хамаг овог даяар хүмүүсийг илгээн—Та нарын дунд газар авсан бузар хэрэг чинь юу гээч вэ?

13 Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй.

14 Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав.

15 Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилэгдсэн долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агсагч байсан билээ.

16 Эдгээр бүх хүний дотор шилэгдсэн долоон зуун хүн бүгд солгой гартай байлаа. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байлаа.