1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.
2 Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ.
3 Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв.
4 Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ.