1 Самуел 11:1-7 АБ2004

1 Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэв. Иабешийн бүх хүмүүс Нахашт—Бидэнтэй гэрээ байгуулбал, бид танд үйлчилье гэцгээв.

2 Харин Аммон хүн Нахаш тэдэнд—Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв.

3 Иабешийн ахлагчид түүнд—Израилийн нутаг даяар элч нарыг явуулахын тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгөгтүн! Хэрэв биднийг хэн ч аврахгүй бол бид чам уруу гарч очъё гэв.

4 Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав.

5 Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул—Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.

6 Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов.

7 Тэр буулгатай үхрүүдийг авч, цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг даяар илгээж,—Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олон ЭЗЭНээс айж, нэгэн хүн мэт ирцгээв.