1 Самуел 12:9-15 АБ2004

9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв.

10 Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ.

11 Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв.

12 Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж та нар надад хэлэв.

13 Одоо тийм учраас та нарын хүсэж сонгосон хаан энд байна. Харагтун, ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.

14 Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дууг сонсож, ЭЗЭНий тушаалыг үл эсэргүүцэх бол та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагах болно.

15 Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.