1 Нэг өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг баригч залуудаа—Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин энэ тухай Ионатан эцэгтээ мэдэгдсэнгүй.
2 Саул Гибеагийн Мигрон дахь анар модны дор байв. Түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа.
3 Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах, Ахитубын хөвгүүн Ахиа ефод өмсөж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байв.
4 Ионатан филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очих гэсэн гармын хоёр талд хадан хавцал байсан ба нэг талын хавцлыг Бозез, нөгөө талын хавцлыг Сене гэдэг байжээ.
5 Нэг талын хавцал нь Михмашийн харалдаа хойд талд, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд талд байв.