1 Самуел 14:33-39 АБ2004

33 Дараа нь тэд Саулд—Харагтун. Хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна хэмээн мэдүүлэв. Саул—Та нар итгэл эвдсэн үйлдэл хийжээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв.

34 Саул—Хүмүүсийн дунд таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” хэмээн хэл гэж өгүүлэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө тус бүр өөрийн үхрийг авчирч, тэнд нядлав.

35 Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байв.

36 Саул—Шөнөөр филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг дээрэмдэн, тэднээс нэг ч хүнийг үлдээхгүй байцгаая гэхэд ардууд—Та тааллаараа үйлдэгтүн хэмээв. Тиймээс тахилч—Энд Бурханд ойртоцгооё гэв.

37 Саул Бурханаас асуун,—Би филистчүүдийг хөөх үү? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? хэмээн асуув. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй.

38 Саул—Ард олны ахлагчид аа, та нар бүгд ойртон ирэгтүн. Энэ нүглийг өнөөдөр яаж үйлдсэнийг шалгаж үз.

39 Израилийг авардаг Бурханы амьд буйгаар тангараглая. Үүнийг миний хөвгүүн Ионатан үйлдсэн байсан ч, тэр заавал үхэх болно хэмээв. Гэвч ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй.