1 Самуел 17:31-37 АБ2004

31 Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав.

32 Давид Саулд—Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв.

33 Тэгэхэд Саул Давидад—Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв.

34 Гэвч Давид Саулд—Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал,

35 би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв.

36 Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв.

37 Давид цааш нь—Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад—Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв.