1 Самуел 17:47-53 АБ2004

47 Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв.

48 Филист хүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ.

49 Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав.

50 Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав.

51 Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.

52 Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.

53 Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө болин буцаж ирээд, филистчүүдийн хуарангуудыг дээрэмдэв.