1 Самуел 20:1-6 АБ2004

1 Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж,—Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв.

2 Ионатан түүнд—Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв.

3 Гэсэн ч Давид дахин тангараглан—Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв.

4 Ионатан Давидад—Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе гэв.

5 Тиймээс Давид Ионатанд—Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя.

6 Хэрэв таны эцэг намайг асуусаар л байвал “Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” хэмээн өгүүлэгтүн.