1 Самуел 23:9-15 АБ2004

9 Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт—Ефодыг авч ирэгтүн хэмээн өгүүлэв.

10 Тэгээд Давид—Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, Саул Кеилад ирж, надаас болж энэ хотыг устгах гэж байгаа гэдгийг Таны боол лавтай сонслоо.

11 Кеилагийн хүмүүс намайг түүний гарт өгөх үү? Таны боол сонссоны адил Саул хүрч ирэх үү? Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, эдгээрийг боолдоо мэдүүлж хайрлаач хэмээсэнд ЭЗЭН—Тэр ирнэ хэмээн айлдав.

12 Дараа нь Давид—Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН—Тэд чамайг өгнө хэмээн айлдав.

13 Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүмүүс босон, Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов.

14 Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй.

15 Давид Зифийн цөлд, Хорешт байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.