1 Самуел 26:13-19 АБ2004

13 Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол зайнд уулын орой дээр гарав. Тэдний хооронд их зайтай байсан билээ.

14 Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан,—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер—Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав.

15 Ийнхүү Давид Абнерт—Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ.

16 Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв.

17 Тэгэхэд Саул Давидын дууг танин—Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид—Миний дуу, эзэн хаан минь! хэмээн хариулав.

18 Тэр бас—Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?

19 Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, “Явж бусад бурхдад үйлчил” хэмээн өгүүлж байгаа хэрэг юм.