1 Самуел 28:1-7 АБ2004

1 Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргийн хуарангуудаа цуглуулав. Ахиш Давидад—Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! хэмээн өгүүлэв.

2 Давид Ахишт—Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш Давидад—Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.

3 Самуел нас эцэслэсэнд бүх Израиль түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад оршуулав. Саул мэргэч төлөгч нарыг өөрийн нутгаас хөөв.

4 Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув.

5 Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв.

6 Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.

7 Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа—Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд—Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.