1 Самуел 30:14-20 АБ2004

14 Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм хэмээн өгүүлэв.

15 Тэгэхэд Давид түүнд—Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? хэмээн асуухад—Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав.

16 Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа.

17 Давид үүрийн гэгээнээс дараагийн өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуусаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй.

18 Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, өөрийн хоёр эхнэрийг ч аварчээ.

19 Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав.

20 Ийнхүү Давид сүргийн эхэнд хүмүүсийн тууж байсан бүх хонь, үхрийг олзолж авлаа. Тэд—Энэ бол Давидын олз хэмээн өгүүлж байлаа.