1 Самуел 30:6-12 АБ2004

6 Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.

7 Дараа нь Давид Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан—Ефодыг авч ирэгтүн хэмээн гуйсанд Абиатар Давидад ефодыг авчирч өгөв.

8 Давид ЭЗЭНээс лавлан,—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.

9 Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесор горхи уруу хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв.

10 Бесор горхийг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв.

11 Тэд хээрээс нэгэн Египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгахад, тэр идэж уув.

12 Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэн, тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ.