1 Самуел 30:8-14 АБ2004

8 Давид ЭЗЭНээс лавлан,—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.

9 Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесор горхи уруу хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв.

10 Бесор горхийг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв.

11 Тэд хээрээс нэгэн Египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгахад, тэр идэж уув.

12 Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэн, тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ.

13 Давид түүнээс—Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? хэмээн асуухад—Би египет залуу бөгөөд амалек хүний боол юм. Намайг гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм.

14 Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм хэмээн өгүүлэв.