1 Самуел 7:1-7 АБ2004

1 Кириат-иеаримын хүмүүс ирж, ЭЗЭНий авдрыг авч, толгод дээрх Абинадабын гэрт авчрав. Түүний хүү Елеазарыг ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар ариусгасан билээ.

2 Авдар Кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа.

3 Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин,—Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв.

4 Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Аштаротыг зайлуулан, зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.

5 Тэгэхэд Самуел—Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.

6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин,—Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.

7 Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.