1 Самуел 7:6-12 АБ2004

6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин,—Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.

7 Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.

8 Израилийн хөвгүүд Самуелд—Тэр биднийг филистчүүдийн савраас аврахын тулд бидний Бурхан ЭЗЭН уруу бидний төлөө хашхирсаар байгтун гэв.

9 Самуел нэг нялх хурга авч, түүнийг бүхлээр нь шатаан, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөв. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.

10 Самуел шатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов.

11 Израилийн эрчүүд Мизпагаас гарч, филистчүүдийг хөөн, Бет-карын бэл хүртэл тэднийг цохив.

12 Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн,—ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.