1 Самуел 9:5-11 АБ2004

5 Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа—Одоо буцацгаая. Эс тэгвэл эцэг маань илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв.

6 Зарц нь түүнд—Хүлээгтүн. Энэ хотод Бурханы хүн бий. Тэр бол хүндтэй хүн. Тэр хүний хэлсэн бүгд нь заавал биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой аян замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.

7 Тэгэхэд Саул зарцдаа—Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.

8 Зарц нь Саулд дахин хариулж,—Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь зааж өгнө гэв.

9 (Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв.)

10 Тэгээд Саул зарцдаа—Зөв ярьж байна. Одоо явцгаая гэв. Ингээд Бурханы хүн байгаа хот уруу тэд явцгаав.

11 Тэд хот уруу өгсөн явахдаа ус авахаар гарч явсан залуу эмэгтэйчүүдтэй уулзан, тэдэнд—Үзмэрч энд байгаа юу? гэж асуув.