Езра 1:5-11 АБ2004

5 Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид, тахилч нар ба левичүүд болон Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг дахин барихын тулд явуулахаар сүнсийг нь Бурхан хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.

6 Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив.

7 Бас Кореш хаан Небухаднезарын Иерусалимаас авч одоод өөрийн бурхдын гэрт тавьсан ЭЗЭНий өргөөний эд юмсыг гаргаж ирэв.

8 Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн сан сахигч Митредатын гараар гаргаж ирүүлэн, Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв.

9 Тэдгээрийн тоо нь гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга,

10 гучин алтан аяга, хоёрдугаар төрлийн дөрвөн зуун арван мөнгөн аяга болон нэг мянган бусад эд юмс байв.

11 Бүх алт, мөнгөн эд юмс нь таван мянга дөрвөн зуу байв. Энэ бүгдийг Шешбазар нь Вавилоноос Иерусалим уруу буцсан цөлөгдөгсөдтэй хамт аваачив.