9 Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бухнууд, хуцнууд ба хурганууд, мөн улаан буудай, давс, дарс болон тосолгооны тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүйгээр өгч бай.
10 Энэ нь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм.
11 Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөл үүнийх нь төлөө түүний байшингаас нь гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь хаягдлын овоо болгогтун хэмээсэн зарлигийг би гаргав.
12 Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд орших газар болгосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!”.
13 Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв.
14 Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав.
15 Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.