Езра 8:13-19 АБ2004

13 Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс гэвэл, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эрчүүд,

14 Бигваин хөвгүүдээс Утаи ба Заббуд болон тэдэнтэй хамт далан эрчүүд болой.

15 Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоногийн турш буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч Леви хүнийг олоогүй.

16 Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв.

17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв.

18 Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.

19 Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн.