Езра 8:21-27 АБ2004

21 Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав.

22 Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.

23 Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр бидний гуйлтыг сонсов.

24 Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас нь арвыг тусгаарлаж,

25 хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв.

26 Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант,

27 мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв.