Иеремиа 29:7-13 АБ2004

7 Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно».

8 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс.

9 Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ.

11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12 «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.

13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.