Иеремиа 32:23-29 АБ2004

23 Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.

24 Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.

25 Өө, Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.

26 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа

27 “Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”.

28 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.

29 Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.