Иеремиа 39:1-5 АБ2004

1 Иудагийн хаан Зедекиагийн ес дэх жилийн аравдугаар сард Иерусалим эзлэгдэхэд Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд Иерусалим уруу ирж, түүнийг бүслэв.

2 Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

3 Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

5 Харин халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.