Иеремиа 39:2-8 АБ2004

2 Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

3 Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

5 Харин халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.

6 Дараа нь Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав.

7 Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.

8 Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.