Иеремиа 44:15-21 АБ2004

15 Эхнэрүүд нь өөр бурхдад тахил шатааж байсныг нь мэдэж байсан бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египетийн нутагт Патрост амьдарч байсан бүх хүмүүсийг хамруулсан том чуулган Иеремиад хариулан—

16 ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!

17 Харин ч бид өөрсдөө, бидний эцэг өвгөд, бидний хаад болон бидний ноёд Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгаснаар бид өөрсдийн амнаас гарсан үг бүрийг заавал хэрэгжүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.

18 Харин бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учирсан билээ.

19 Бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгаж байхдаа бид өөрсдийн нөхрүүдийн мэдэлгүйгээр түүнд өөрийнх нь дүр төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгасан уу? гэцгээв.

20 Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүмүүст хандан—

21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй, мөн бодоогүй гэж үү?