Иеремиа 52:16-22 АБ2004

16 Харин харуулын ахмад Небузарадан газрын хамгийн ядуу хүмүүсээс заримыг нь газар хагалагч болон усан үзмийн цэцэрлэгчээр үлдээв.

17 ЭЗЭНий өргөөнд харьяалагдаж байсан хүрэл багананууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.

18 Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ.

19 Харуулын ахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан.

20 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв.

21 Багануудын хувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв.

22 Түүний дээр баганын хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв.