Иоел 2:25-31 АБ2004

25 “Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио,мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.

26 Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж,та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно.Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

27 Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг,мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно.Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.

28 Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана.Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ.

29 Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана.

30 Би тэнгэр болон газарт гайхамшгт тэмдгийг үзүүлнэ. Тэр нь цус, гал ба утаан багананууд болой.

31 ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж,сар цус болж хувирна.