Иошуа 10:5-11 АБ2004

5 Тийнхүү Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын эдгээр таван хаан хүчээ нэгтгэн, бүх цэргүүдтэйгээ явж, Гибеоны ойролцоо байрлан, түүний эсрэг довтлов.

6 Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад үг илгээн—Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулархаг нутагт амьдардаг аморичуудын бүх хаад бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн уруу даруйхан ирж, биднийг авран туслаач гэв.

7 Тиймээс Иошуа бүх цэргийн хүмүүстэйгээ, хамаг эрэлхэг дайчдынхаа хамтаар Гилгалаас хөдлөв.

8 Мөн ЭЗЭН Иошуад—Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.

9 Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув.

10 ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив.

11 Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.