Иошуа 11:18-23 АБ2004

18 Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв.

19 Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй найрамдал тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотуудыг тулалдан авсан.

20 Учир нь ЭЗЭН тэдний сэтгэлийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг бүрмөсөн, ямар ч өршөөлгүйгээр устгахын тулд байв.

21 Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ.

22 Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.

23 Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.