Иошуа 18:9-15 АБ2004

9 Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд Шило дахь хүрээ буудалд Иошуа дээр ирлээ.

10 Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.

11 Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд оногдсон нутаг нь Иуда болон Иосефын овгийнхны нутгийн хооронд байв.

12 Хойд зүг дэх тэдний хил нь Иорданаас эхэлж байсан ба Иерихогийн хойд тал уруу өгсөн гарч, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-авены цөлд ирэн төгсөж байв.

13 Эндээс хил Луз хүртэл (энэ нь Бетел юм) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-аддар уруу уруудсан байв.

14 Эндээс уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.

15 Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн булгийн ус хүртэл баруун тийш явсан байлаа.