Иошуа 22:24-30 АБ2004

24 Харин үнэндээ бид санаа зовсондоо, “Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ?

25 ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй” гэсэн учраас үүнийг хийсэн билээ.

26 Тийм учраас бид хэлэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Шатаалт тахил болон өргөлийн төлөө бус,

27 харин энэ нь та бидний ба бидний дараагийн үеийнхний хооронд бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНий үйлчлэлийг бүтээхийн тулд бөгөөд хожим танай үр удам манай үр удамд «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» хэмээн хэлэхгүйн тулд гэрч болохын төлөө билээ” гэв.

28 Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд, эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид тэдэнд «Бидний өвөг эцгүүд шатаалт тахил юм уу, өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд барьж босгосон ЭЗЭНий тахилын ширээний хуулбарыг хар» хэмээн хэлнэ” гэж хэллээ.

29 Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба үр тарианы тахилд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.

30 Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав.