Иошуа 22:6-12 АБ2004

6 Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.

7 Манассегийн хагас овогт Мосе Башан дахь нутгийг эзэмшүүлж өгсөн, харин нөгөө хагаст нь Иошуа ах дүү нарынх нь дунд Иорданы баруун тал дахь нутгийг эзэмшүүлж өгөв. Тийнхүү Иошуа тэднийг майхнууд уруу нь илгээхдээ тэднийг ерөөн

8 хэлсэн нь—Майхнууд уруугаа их хөрөнгө, маш олон мал сүрэгтэй, мөнгө, алт, хүрэл, төмөр болон арвин их хувцастай буцан оч. Дайснуудынхаа олзыг ах дүү нартайгаа хуваа гэв.

9 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу эзэмшсэн Гилеадын эзэмшил нутаг уруугаа явав.

10 Канаан нутаг дахь Иорданы орчмын бүс нутагт ирэхдээ Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэнд, Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.

11 Израилийн хөвгүүд үүнийг сонсоод—Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв.

12 Үүний тухай сонсоод Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.