Иошуа 23:1-7 АБ2004

1 ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа

2 бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд—Би хөгширч, нас минь ахив.

3 Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв.

4 Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ.

5 Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.

6 Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай.

7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай.