Иошуа 23:3-9 АБ2004

3 Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв.

4 Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ.

5 Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.

6 Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай.

7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай.

8 Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат барьж байх ёстой.

9 Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарын өмнө сөрөн зогсож чадаагүй билээ.