Иошуа 23:9-15 АБ2004

9 Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарын өмнө сөрөн зогсож чадаагүй билээ.

10 Танай нэг хүн мянган хүнийг зугтахад хүргэдэг. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн билээ.

11 Тэгэхээр өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлахын төлөө хичээн анхаарагтун.

12 Учир нь хэрэв та нар замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн тэдгээр үндэстнүүдийн хүмүүстэй холбогдож, тэдэнтэй нийлэн, гэр бүл болох юм бол

13 та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнүүдийг өмнөөс чинь хөөн гаргахаа болино гэдгийг бат мэдээрэй. Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт урхи ба занга нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.

14 Одоо би бүх дэлхийнхний жамаар одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.

15 Харин та нарын Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан бүх сайн үгс биелсэнтэй адил түүнчлэн Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгатлаа ЭЗЭН та нарын дээр бүх аюулыг авчрах болно.