Иошуа 24:12-18 АБ2004

12 Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм.

13 Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ” гэв.

14 Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил.

15 Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.

16 Ард олон хариулан хэлсэн нь—Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг.

17 Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ.

18 Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.