Иошуа 24:26-32 АБ2004

26 Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.

27 Иошуа бүх ард олонд—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв.

28 Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.

29 Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв.

30 Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байх өөрийнх нь өвийн нутаг болох Тимнат-серад нутаглуулав.

31 Израиль Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд болон Иошуагаас хойш амьд байсан ба Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан настангуудын амьдралын бүх өдрүүдэд ЭЗЭНд үйлчлэв.

32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Емморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.