3 Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг Евфрат мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар дамжуулан газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн.
4 Исаакт Би Иаков болон Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ.
5 Дараа нь Би Мосе, Аарон хоёрыг илгээсэн бөгөөд Өөрийн хийсэн зүйлсүүдээр Египетэд гамшгийг учруулсан. Үүний дараа Би та нарыг тэндээс гаргасан.
6 Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв.
7 Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.
8 Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ.
9 Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм.