Иошуа 24:6-12 АБ2004

6 Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв.

7 Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.

8 Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ.

9 Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм.

10 Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан.

11 Та нар Иорданыг гаталж, Иериход ирсэн. Иерихогийн иргэд болон аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан билээ. Тийнхүү Би тэднийг гарт чинь өгөв.

12 Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм.