Иошуа 3:5-11 АБ2004

5 Тэгээд Иошуа хүмүүст—Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв.

6 Иошуа тахилч нартай ярин,—Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав.

7 ЭЗЭН Иошуад—Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно.

8 Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан “Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс” гэж хэл гэлээ.

9 Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд—Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв.

10 Иошуа хэлэхдээ—Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно.

11 Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна.