1 Иорданы чанадад баруунтайд орших Аморийн бүх хаад, мөн далайн эргийн дагуух Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод, зүрх нь мохож, Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлд нь арилав.
2 Тэр үед ЭЗЭН Иошуад—Өөртөө цахиур хутгануудыг хийж, Израилийн хөвгүүдэд хоёр дахь удаа хөвч хөндөх ёслол хий гэлээ.
3 Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийн, Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийн хөвчийг хөндөв.
4 Иошуа тэдний хөвчийг хөндсөний учир юу гэвэл Египетээс гарч явсан дайтах насны бүх эрчүүд Египетээс гарч явсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн юм.