Иошуа 6:10-16 АБ2004

10 Харин Иошуа хүмүүст тушаан хэлэхдээ—Намайг “Хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин тэр үед хашхирагтун гэлээ.

11 Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа буцан ирж, тэндээ шөнийг өнгөрөөв.

12 Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав.

13 ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав.

14 Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирсэн. Тэд үүнийг зургаан өдөр гүйцэтгэв.

15 Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх аргаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ.

16 Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан—Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн.