Иошуа 6:18-24 АБ2004

18 Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил.

19 Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.

20 Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.

21 Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн шар ба илжигнүүдийг нь илдний ирээр хүйс тэмтрэв.

22 Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд хандан—Янхан эмийн гэрт очиж, түүнд амласныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарагдах бүхнийг тэндээс авчир гэлээ.

23 Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав.

24 Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн алт мөнгө болон хүрэл төмөр зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв.