Иошуа 7:11-17 АБ2004

11 Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан Миний гэрээг тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан.

12 Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй.

13 Бос, ард олныг ариусган тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй».

14 Тэгэхээр өглөө та нар овог овгоороо ойртон ир. ЭЗЭНий авах овог нь ураг ургаараа, ЭЗЭНий авах ураг нь бүл бүлээрээ, мөн ЭЗЭНий авах бүл хүн тус бүрээрээ ирэгтүн.

15 Хориглосон зүйлсийг авсан хүн, өөртөө байгаа бүхний хамт галд шатаагдана. Учир нь гэвэл тэр ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн юм” гэж хэл гэлээ.

16 Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог авагдав.

17 Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ургийг авав. Зерахчуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд, Забди авагдав.