Иошуа 7:7-13 АБ2004

7 Иошуа—Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой!

8 Эзэн минь, нэгэнт Израиль дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ?

9 Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.

10 Тэгтэл ЭЗЭН Иошуад—Өндийн бос. Чи нүүрээрээ харуулдан унах нь юу вэ?

11 Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан Миний гэрээг тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан.

12 Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй.

13 Бос, ард олныг ариусган тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй».