1 Ингээд ЭЗЭН Иошуад—Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.
2 Чи Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийн үйлд. Түүний эд хөрөнгө болон мал сүргийг л өөрсдөдөө олз болгон авч болно. Явж, хотын ар талд отогтун гэж айлдав.
3 Иошуа Аи уруу довтлохоор цэргийн бүх эрчүүдтэй хамт хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг дайчдыг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.
4 Иошуа тэдэнд тушаан—Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай.