Иошуа 8:24-30 АБ2004

24 Израильчууд Аин бүх хүмүүсийг өөрсдийг нь мөшгөн хөөж байсан цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад, Аи уруу буцан очиж, тэнд байсан бүгдийг илдний ирээр цавчив.

25 Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс арван хоёр мянга буюу Аин бүх хүмүүс байлаа.

26 Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуусталаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй.

27 Иошуад тушаасан ЭЗЭНий зарлигийн дагуу тэр хотын зөвхөн мал сүрэг ба эд хөрөнгийг израильчууд өөрсдөдөө олз болгон авав.

28 Ийнхүү Иошуа Аиг галдан шатааж, түүнийг мөнхийн нуранги болгож, энэ нь өнөөг хүртэл балгас хэвээр байна.

29 Мөн Иошуа Аин хааныг үдэш болтол модноос дүүжилж, нар жаргах үед Иошуа тушаал өгч хааны цогцсыг модноос буулган аваад, хотын хаалганы үүдэнд хаясан бөгөөд түүний дээр том чулуун овоог босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.

30 Дараа нь Иошуа Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов.