Иошуа 8:31-35 АБ2004

31 Энэ нь ЭЗЭНий зарц Мосе израильчуудад тушаасны дагуу, Мосегийн хуулийн номд бичигдсэн ёсоор, төмөр багажаар засагдаж бутлаагүй чулуугаар барьсан тахилын ширээ юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.

32 Тэнд Иошуа Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн бичсэн хуулийг чулуунууд дээр хуулан бичив.

33 Гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ болон тэдний дунд уугуул ба харь нутгийнхны хамт ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө зогсов. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.

34 Ингээд дараа нь Иошуа уг хуулийн бүх үгсийг буюу ерөөл ба хараалыг хуулийн номд бичигдсэн ёсоор нь уншив.

35 Мосегийн тушаасан бүхнээс бүх Израилийн чуулган, эмэгтэйчүүд, хүүхэд хийгээд тэдний дунд амьдрагч харийнхны өмнө Иошуагийн уншаагүй нэг ч үг байсангүй.